zandanshatar

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэв

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы (2020.05.13)-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж шийдвэрлэн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ахалж ажиллажээ.

~УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэв~

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Мөн хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагын үүднээс зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэснийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш саналаар шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжив. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 саналаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих