cfb6a8eb453f31076a49a8f62826c365_x3

500 жилийн өмнө үхсэн охин уушгины өвчтэй байсныг тогтоожээ

Америкийн эрдэмтэд одоогоос 500 жилийн өмнө 15 настай байхдаа нас барсан занданшуулсан эмэгтэйн цогцосноос дээж авч уг эмэгтэй уушгины өвчнөөр нас барсан болохыг тогтоосон байдаг. Эрдэмтэд цогцосны ДНХ болон уургаас дээж авч шинжилгээ хийсэн байна. Уг занданшуулсан шарилыг 1999 онд олж илрүүлсэн бөгөөд Аргентины уугуул буюу Инка үндэстэн байсан аж. Эрдэмтдийн хувьд уг Инка эмэгтэй яг юуны улмаас нас барсан нь одоог болтол оньсого мэт байсан аж.

Антропологич Анжели Котогийн удирдлага дор хэсэг эрдэмтэд мөн үед нас барсан хүүхдийн занданшуулсан цогцосноос дээж авч харьцуулсан судалгаа хийсэн байна. Тэд уургийн дээж авч, амин хүчил болтол нь задлан молекулын төвшинд судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд Инка эмэгтэйн хромосомын бүтэц Кроник Репетри буюу уушгины халдварт өвчинтэй хүний хромосомын бүтэцтэй ижил төстөй байсан байна. Мөн тухайн үед эмэгтэйн дархлааны систем өвчний эсрэг тэмцэж байсан шинж тэмдэг илэрсэн байна.

Эрдэмтэд мөн эмэгтэйн хатсан уушгины зургийг рентген туяанд оруулж зургийг нь авсан байна. Эмэгтэй уушиг тухайн үед амьдарч байсан мөн занданшуулсан эрүүл хүүхдийн уушгинаас ялгаатай буюу өвчилсөн байсан нь давхар батлагджээ. Урд нь эрдэмтэд эртний занданшуулсан шарилаас хумхаагаар үхсэн хүний цогцос олж байсан. Гэхдээ хумхаа өвчин уг хүнийг үхэлд хүргэсэн эсэхийг нотолж чадаагүй байсан гэнэ. Тухайн үед одоогийнх шиг эм бэлдмэл, вакцин байгаагүй учир хумхаа өвчин тусахад л хүмүүсийг үхэлд хүргэдэг байж болох юм гэж эрдэмтэд үзэж байгаа.

Антропологич Анжели Котогийн ярьж байгаагаар энэ төрлийн шинэ судалгаа нь эртний хүмүүсийн соёл иргэншил, амьдралын хэв маяг, тэдний өвчлөл, үхлийн шалтгаан болон тэдний дархлааны систем хэрхэн хариу үзүүлж байсан зэрэг олон нууцыг тайлахад нэмэр болох юм. Мөн хүн төрөлхтний тахал болоод байгаа H1N1 буюу гахайн ханиад, шувууны ханиад зэрэг вирусийн гаралтай халдварт өвчинтэй тэмцэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уг судалгаа ач холбогдол өгнө гэж найдаж байна. Занданшуулсан хүмүүс 500 орчим жилийн өмнө амьдарч байсан байж болох ч орчин үеийн шинжлэх ухаанд ач тусаа өгч эхлээд байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих