'A Wrinkle In Time' film premiere, Arrivals, London, UK - 13 Mar 2018

Пуэрто-Риког сэргээн босгоход Опра Уинфри хандив өргөнө

Америкийн телевизийн алдартай хөтлөгч Опра Уинфри байгалийн гамшигт өртсөн арлын Пуэрто-Рико улсад тусламж үзүүлэх хөтөлбөрт 2 сая ам.доллар хандивлахаар болсон тухай “People” сэтгүүлд мэдээлжээ.

Тус сэтгүүлд мэдээлснээр, хандивын мөнгөний талыг Пуэрто-Рикогийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслүүдэд болон тус улсын дэд бүтцийг сэргээн босгоход зарцуулна. Үлдсэн хэсгийг Пуэрто-Рикогийн соёлын өвийг хамгаалах хөтөлбөрт зориулах аж.

“Гамильтон” мюзикл жүжгийг бүтээсэн Америкийн жүжгийн зохиолч Лин-Мануэль Миранда өөрт нь үлгэр жишээ болсон гэж Уинфри мэдэгджээ. Лин-Мануэль Миранда энэ жил Пуэрто-Рикогийн засаг захиргааны төв болох Сан-Хуан хотод мюзекл жүжгээ 20 гаруй удаа толилуулж, олсон орлогынхоо талыг арлын тус улсын соёлын байгууллагуудын санхүүжилтэд хандивлажээ.

Уинфри бол АНУ-ын хамгийн алдартай, чинээлэг хүмүүсийн нэг билээ. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 2.5 тэрбум ам.доллароор үнэлсэн байна.

Пуэрто-Рикод 2017 оны есдүгээр сард “Мария” хар салхи дэгдэж, усархаг бороо дагуулсны улмаас үер буусан билээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэнийн дараа тус улс хүнс, ундны ус, шатахууны хомсдолд орсон юм. 2018 оны наймдугаар сарын сүүлчээр Пуэрто-Рикогийн эрх баригчид хар салхины улмаас хохирсон хүний тоог албан ёсоор 2975 болгож нэмэгдүүлжээ. Пуэрто-Риког сэргээн босгох ажил үргэлжилсээр байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих