Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах үүргийг “Таван толгой түлш” ХХК хариуцан ажилласан. Тэгвэл тус компаниас Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газарт Талархал ирүүллээ.
Талархалд, “Бидний ажлыг дэмжин, хамтран ажилласан ОБЕГ, НОБГ-ын офицер, ахлагч, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.
“Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж ажиллахад борлуулалтын 400 цэг ажиллуулж, эдгээр цэгүүдийг сайжруулсан түлшээр хангахад тээврийн 11 компанитай хамтран ажилласан. Гэвч өндөрлөг байрлалд амьдардаг гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хүргэхэд хүндрэл учирч байсныг түргэн шуурхай шийдвэрлэж, туулах чадвар сайтай 28 машинаар явуулын борлуулалт хийж ажилласнаар тухайн айл өрхүүд өвлийг өнтэй, түлшний хомсдолгүй давахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд НОБГ-ын болон нийслэлийн хүрээнд байрлах Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн офицер, ахлагч, алба хаагчид гурван сар гаруйн хугацаанд ажиллаж ЗИЛ-130 машинаар сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын өндөрлөг газарт амьдардаг айл өрхүүдэд цаг алдалгүй хүргэж гэрээгээр хүлээсэн үүрэг, эх орондоо өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлэн ажилласанд талархал илэрхийлье” гэсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.