Tokyo_Olymp

“Токио-2020” шинэ “ЛОГО”-ны эрэлд

~”Токио-2020″ шинэ “лого”-ны эрэлд~

Японы Үндэсний Олимпийн Хорооны шуурхай хуралдаанаас өмнө нь батлагдсан “Токио-2020” Олимпийн наадмын онцлох тэмдгийн загвараас татгалзах шийдвэр гаргасан.Токиогийн Олимпийн зохион байгуулах хороо 2020 оны зуны Олимпийн наадам болон Паралимпийн наадмын онцлох тэмдэг буюу логог олон нийтэд танилцуулсан ч ардаасаа ихээхэн дуулиан шуугиан дагуулсан билээ.

Учир нь Бельгийн дизайнер Оливье Деби өөрийнх нь 2013 онд бүтээсэн Льеж хотын театрын онцлох тэмдгийг хуулбарласан хэмээн үзэж, улмаар шүүхэд хандахаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл Япон дизайнер Кенжиро Сано өмнө нь Льеж хотын театрын онцлох тэмдгийг нэг ч удаа харж байгаагүй гээд өөрийн бүтээлээ хэн нэгнээс хуулбарлаагүй болохоо тайлбарласан ч Бельги дизайнерын гомдлын дагуу Льеж хотын шүүхэд энэ хэргийг авч хэлэлцэх болоод байгаа билээ.

“Токио-2020” Олимпийн наадмын ЗБХ-ны тэргүүн Тоширо Муто албан ёсоор тайлбар хийхдээ “Бид хууль шүүх, зохион байгуулах хороо болон дизайнер Кенжиро Санотой санал солилцсоны үндсэн дээр энэхүү загвараас татгалзах албан ёсны шийдвэрээ гаргалаа. Шинэ онцлох тэмдгийг бүтээх сонгон шалгаруулалтыг тун удахгүй эхлэх болно.

Болсон үйл явдалтай холбоотойгоор бид Японы ард түмэн, Токио хотын захиргаа, Япон улсын засгийн газар, Японы Үндэсний Олимпийн Хороо, Японы Паралимпийн хороо, Олон Улсын Олимпийн Хороо, Олон Улсын Паралимпийн Хорооноос хүлцэл өчиж байна. Хэдийгээр Ноён Саногийн бүтээл нь хэн нэгнийг хуулбарлаагүй болохыг өөрийнх нь тайлбар болон холбогдох хуулийн заалтуудаар батлагдаж байгаа ч олон нийтийн дунд бий болсон буруу ойлголт биднийг ийм шийдвэр гаргахад хүргэлээ” хэмээн мэдэгджээ.

Олимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс удахгүй 2020 оны наадмын бэлгэ тэмдгийн шинэ загварын шалгаруулах гэнэ. Гэхдээ хэзээ олон нийтэд танилцуулах нь тодорхой болоогүй байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих