Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино нээлтээ хийгээд өнөөдөр 15 хонож байна. Энэ хугацаанд өдөр бүр үзэгчдийн талархлын сэтгэгдлийг тус продакшны пэйж хуудас, жүжигчдийн сошиал хаягнаас уншиж байгаа билээ.
“Халуун зүрх” уран сайхны киноны найруулагчаар ажилласан жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Б.Хангал тус кинонд хөгжилтэй, хүн бүрийн хайрыг татсан Буржаак хүүгийн дүрд тогложээ.
Жүжигчин хүүгийнхээ талаар хэлэхдээ “Би энэ дүрд бага хүү Хангалыг тохирно гэж төсөөлөөгүй байсан. Харин манай Ганчимэг “Хангал чадна аа” гээд байсан. Тэгээд нэг өдөр миний хүү энэ үгийг хэлээд үз дээ гэж зохиолын текстээ уншуулсан. Тэгсэн яг л тохирч байлаа. Ганчимэгийн зөв байсан” гэжээ.