davaasuren-said

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт Монгол ахан дүүс болон илч гэрлийн эзэд болсон эрчим хүчний салбарынхаа нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ Эрчим хүчний яамны өмнөөс болон хувиасаа шинэ оны мэнд хүргэж , аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улиран одож буй 2019 он эрчим хүчний салбарын хамт олны хувьд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, ард иргэдээ ая тухтай байлгах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсэн ололт, амжилт дүүрэн жил байлаа.

Жил тутам 60-80 МВт-аар өсч буй цахилгааны хэрэглээг хангах үүднээс “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, “ДЦС-4” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын эхний 2 турбингенераторын ажил дуусч ажиллагаанд орлоо.
Мөн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 35 МВт, “Дорнодын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн ажлууд амжилттай хэрэгжиж эхлээд байна.
Монгол улсад анхны болох 330 кВ-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын ”Мандал” дэд станцыг ашиглалтад оруулснаар Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.

~Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэндчилгээ дэвшүүллээ~

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, УИХ- аар батлуулснаар тусгай зөвшөөрлийн замбараагүй олголтод цэг тавьж, хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг багасгах боломжийг нээж өглөө.
Ирэх 2020 онд Эрдэнбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын газар шорооны ажил эхэлж, Улаанбаатар хотод 100 МВт-ын батарей хуримтлуурын станц баригдаж эхэлнэ. Энэ төслүүд хэрэгжсэнээр системийн тогтвортой, найдвартай ажиллагаа дээшилж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих боломж бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 42 мянган айл өрхөд цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлж өгсөн нь дорвитой хувь нэмэр оруулж байна. Мөн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг чадварлаг инженерүүд, ажиллагсдын хүчээр амжилттай хэрэгжүүлснээр олон жил яригдсаар гамшгийн хэмжээнд хүрсэн утаанаас салж, урдах замаа хардаг боллоо. Ганц жилийн дотор хийсэн ажлын үр дүнд бяцхан үрс маань эрүүл энх өсөн торниж, иргэд талархан хүлээн авч байна.

Шилжилтийн горимын хяналт мэдээлэл, удирдлагын нэгдсэн “WAMS” систем нэгдсэн сүлжээнд нэвтэрлээ. Тогтворжилт алдагдахаас сэргийлэх автоматик энэхүү систем нь Эрчим хүчний системд үүсч болох бүхий л төрлийн аваарын горимын үед ситемийг тогтвортой авч үлдэх мэдээлэл хүлээн авах, боловсруулах, үйлдэл хийх гэсэн дараалал бүхий алгоритимчлэгдсэн цогц шийдэлд хүрч чадлаа.

Эх орны маань гал голомт болсон эрчим хүчний салбарын ажил үйлс өөдрөг байх болтугай! Мөдхөн айлчлах 2020 онд төр түвшин байж, түмэн олон минь амгалан оршиж, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих