Хүүхдийн ой тогтоолт нь нэн төвөгтэй үйл явц юм. Хамгийн эхний, энгийн аргын нэг бол хүүхдийнхээ 5 мэдрэхүйг зэрэг хөгжүүлэх. Үүнийг хөгжүүлснээр хүүхэд аливааг ой ухаандаа удаан хадгалахад нөлөөлж чадна. Хүүхдийн оюуны хөгжил нь тэдний харах, сонсох, мэдрэх, хүртэхүйн үйл явцтай шууд холбоотой байдаг. Эдгээр 5 мэдрэхүйн үйл ажиллагаа нь таны хүүхдийн тогтоох чадварыг хөгжүүлэхэд чухал нэмэр оруулдаг. Ой тогтоолтыг богино болон урт хугацааных гэж авч үздэг.
Богино хугацааны ой тогтоолтыг сайжруулахын тулд хүүхэд сургууль, анги танхимдаа, гэртээ чөлөөтэй ярьж өөрийн санал бодлоо илэрхийлдэг байх хэрэгтэй. Ингээд таны хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахад дэм болох зарим аргаас дурдъя.
- Хөлөгт тоглоомоор тоглуулах. Тоглоом бол хүүхдийн оюун ухаан, ой тогтоолтыг сайжруулах хамгийн сайн хэрэгсэл гэж хэлж болно. Сүүлийн үед олон төрлийн тоглоом гарах болсон. Эдгээрээс хөлөгт тоглоомоор тоглох үед таны хүүхдийн тархинд өмнөх мэдээллийг сэргээн санах үйл ажиллагаа идэвхтэй явагдах болно. Богино хугацааны ой санамжинд хадгалагдсан мэдээлэл урт хугацааны ой санамж руу дамжуулагдаж улмаар түүнийг сэргээн санах ажиллагаа сайжрахад чухал дэм болдог ажээ.
- Шүлэг, дуугаар ой тогтоолтыг сайжруулах. Шүлэг, дуу, хөгжим, хэмнэл нь хүүхдийн хэл ярианы хөгжилд маш сайн нөлөө үзүүлдэг. Хүүхэд үгээр дамжуулан, өөрсдийн дуу хоолойг сонсонгоо тархин дахь мэдээллээ сэргээн санадаг бөгөөд энэ нь ой тогтоолтоо сайжруулах сайхан дасгал болдог байна.
- Үлгэр ярих, сонсох. Хүүхдийнхээ ирээдүйд хийж болох хамгийн өртөг багатай мөртлөө хамгийн зугаатай, үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тэдэнд ном уншиж өгөх гэдэгт та итгэлтэй байж болно.Хэрэв та өдөрт аравхан минут зарцуулан ном уншиж өгч хэвшвэл хүүхдийн тань хөгжил хүмүүжилд олон талаар нөлөөлнө.Үлгэр ярих нь ой тогтоолтыг сайжруулахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг дасгал юм.Хүүхдэд ном уншиж өгөх явцад өгүүлбэр, зураг бүр хүүхдийн үсгийн санг баяжуулж бататгаж байдаг. Хүүхдэд байнга ном уншиж өгч байх нь тэдний өөрөө уншиж сурах сонирхолыг өдөөнө. Ном уншиж өгснөөр хүүхэд гол дүрмийн дагуу хэл ярианы зөв хэрэглэгээг эзэмшдэг төлийгүй тэвчээргүй хөдөлгөөн ихтэй хүүхдэд тайван сууж анхаарлаа төвлөрүүлж сурахад туслана. Номын үйл явдалд автсанаар хүн санаа бодлоороо байгаа орчноосоо өөр орчин, өөр цаг үед орох бөгөөд энэ нь зохион бодохуй, уран сэтгэмжийг хөгжүүлэх гайхалтай нөхцөл болдог. Зохиолын үйл явдлаас хүүхэд ургуулан бодож энэ нь тэдний ерөнхийлэн дүгнэх, хийсвэрлэн бодоход түлхэц болдог сайн талтай.