Амжилтанд хөтлөх 5 кино

  1. Limitless: Хүссэн зүйлсээ хийж чадах итгэлтэй байх

“Би мансуураагүй, цоо эрүүл байсан. Тэгээд юу хийх хэрэгтэйг, бас яаж хийхээ сайн мэдэж байсан.”

Жүжигчин Бредли Купер энэ кинонд нэгэн бүтэлгүй зохиолчийн дүрийг бүтээдэг. Зохиолч Эдди Морра нэг удаа онцгой шидтэй хар тамхины төрлийн бодис хэрэглэснээр амьдрал нь орвонгоороо өөрчлөгддөг. Тэр хийхийг хүссэн бүх зүйлээ төвөггүй гүйцэтгэх чадвартай болдог бөгөөд амьдралыг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлдэг.

Энэ кинон дээр хар тамхи хэрэглэдгийг нь эс тооцвол хүн өөртөө итгэж чадвал боломжгүй зүйл байхгүй гэдгийг ойлгуулахыг зорьсноороо ач холбогдолтой ажээ. Тийм болохоор хамгийн гол нь амьдралдаа юу хийх хэрэгтэй, мөн хэрхэн хийх вэ гэдгээ мэдэж байгаа бол цаг алдалгүйгээр ямар нэг алхам хийж, үр дүнг нь заавал мэдрээрэй.

 

  1. The Wolf of Wall Street: Шаргуу хичээл зүтгэлийн дүнд өсөж дэвших

“Би чамд нэг л зүйл хэлье. Ядуу зүдүү нөхцөл байдалд өгөөмөр уужим сэтгэл оршдоггүй юм. Би ядуу байж үзсэн, баян ч байж үзсэн. Эцэст нь би үргэлж баян байх замыг л сонгосон.”

Томоохон луйврын хэргээр хорих ял авсан зохиолч, илтгэгч, бизнесмэн Жордан Белфортын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “The Wolf Of Wall Street” (2013) кинонд мөнгөөр худалдаж авч болдог зүйл байдаг ч бас болохгүй зүйл ч бий гэдгийг харуулахыг зорьжээ. Магадгүй зарим хүмүүст таалагдахгүй байж болох ч одоо байгаа амьдралаа дахин нэг цэгнэж үзээд юу хамгийн чухал вэ гэдгийг ухаарахад энэ кино хувь нэмэртэй юм.

 

  1. The Words: Ажилдаа эзэн нь бол

“Зарим үед хүн амьдрал, зохиол хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болдог. Энэ хоёр ойролцоо боловч хэзээ ч огтлолцдоггүй.”

Жүжигчин Бредли Куперийн тоглосон бас нэгэн зохиолчийн тухай кино. “The Words” (2012) кинонд амжилтанд хүрэх замд мундахгүй олон саад бэрхшээл тулгардаг ч хэзээ ч бууж өгч болохгүй тухай өгүүлдэг. Мөн хийж байгаа ажилдаа эзэн нь болж, чадах бүхнээ зориулснаар заавал үр дүнг нь амсах болно гэдгийг харуулжээ.

 

  1. The Pursuit Of Happyness: Хэзээ ч бүү бууж өг

“Хэн ч чамд чи юу ч хийж чадахгүй гэж хэлэхийг бүү зөвшөөр. Өөртөө ч бас…Чи хүсэл мөрөөдлөө өөрөө л хамгаалж түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээх ёстой.”

“The Pursuit of Happyness” (2006) кино таныг бараг л уйлуулахаар сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлдэг. Жүжигчин Уилл Смитийн бүтээсэн дүр болох Крис Гарднер хэмээх худалдаачин эр санхүүгийн гүн хямралд орж гэр оронгүй болдог. Гэсэн хэдий ч нөхцөл байдалд буулт хийлгүйгээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө бүхнээ дайчлан зүтгэснээр төсөөлөмгүй амжилтанд хүрдэг. Таны мөрөөдлийг бусниулахаар завдсан ямар ч нөхцөл байдалд бүү бууж өгөөрэй.

 

  1. Good Will Hunting: Ур чадвар

“Та намайг Оливер Твист зохиолыг уншсан болохоор таны амьдрал ямар хэцүү байсныг, таны хэн гэдгийг бүгдийг нь ойлгож байгаа гэж бодоод байна уу? Толгой эргэм заавар зөвлөгөө, ном зохиолууд таныг хязгаарлаж, хайрцагладаггүй гэж үү? Миний хувьд лав би танаас юу ч суралцахыг хүсэхгүй байна. Бас надад тэр хэрэгцээгүй номуудыг унших ямар ч сонирхол алга. Та зүгээр л надад өөрийнхөө тухай яриад өгчихвөл би их баярлах байна. Эсвэл надад өөрийнхөө тухай ярихаасаа эмээгээд байгаа юм уу. Хэл л дээ даргаа.”

“Good Will Hunting” (1997) бол Уилл Хантинг (Мэтт Дэймон) болон Шон Магуайр (Робин Уильямс) нарын хоорондох гайхалтай утга агууламж бүхий харилцан яриаг голчлон харуулсан кино юм. Ихэнх хүмүүс өөрийнхөө авьяас билэг, ур чадварыг нээхээс эмээж амжилтаас хойш ухарч байдаг. Тэгвэл энэ киног үзээд өөрийнхөө чадварыг хэрхэн чөлөөтэй нээх талаар суралцаарай.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих