mongol-ulsiig-surtalchlaw-Japan

Япон улсад морин хуурын тоглолт хийж, эх орноо сурталчлав

Монголын баг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх хоёрдугаар шатны тоглолтод анх удаа Японы шигшээ багтай энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэнд тоглов. Уг арга хэмжээнд нийт 67800 үзэгч сонирхож, тухайн өдрийн тийз бүрэн борлуулагдсан байна.

Арга хэмжээний үеэр мөн өдрийн 13.00-20.00 цагт тус ЭСЯ-наас Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо, Монгол оюутны холбоотой хамтран “Сайтама 2002″ цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы хажууд “Монгол павильон” ажиллуулж, манай улсын соёл урлаг, ахуй, зан заншил, хот суурин газар, хөдөө орон нутгийг өргөн хүрээнд сурталчилж, Монгол орны талаарх видео танилцуулга хийх, сурталчилгааны хэвлэмэл материал тараах, монгол дээл, хувцас өмсгөх, Монголын дуу хөгжим, түүний дотор морин хуурын тоглолтыг хийх зэргээр ажиллав.

Түүнчлэн уг хөлбөмбөгийн тэмцээнд монголын багийг дэмжигч нарт 400 ширхэг монголын дарцаг тараав. Мөн Токиод үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар”, “MJ House” зоогийн газрууд олон нийтэд монгол зоогоор үйлчлэв.

Тоглолтын өмнө Монголын хөлбөмбөгийн холбоо, Японы хөлбөмбөгийн холбоо хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулав.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих